Шагайгаар тоглож болох тоглоомнууд

2020-11-14
Shagaigaar toglokh
1308
Views
Өв соёлоо хамгаалан хүүхэд болон дүү нартаа заавал зааж өгөөрэй.

Шагайг хонь, ямааны буюу бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэнэ. Мөн шагайг буух байдлаар нь өөр өөрөөр нэрлэдэг. Үүнд: Бөгтрөөрөө дээш харж унавал хонь, харин хонхор нь дээш чиглэн унавал ямаа, тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь, харин үзүүр хэсэг нь доош харж, бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж тус тус нэрлэнэ. Шагайн тоглоом нь монголчуудын хүүхдээ зөв хүмүүжүүлдэг маш өвөрмөц арга ухаан байсан.
Шагайг тоглосноор хүүхэд тань:
1. Тогтвортой сууж сурна.
2. Хурдан сэтгэнэ
3. Багаар ажиллах,манлайлах аливаа зүйлийн арга эвийг түргэн олдог болдог байна.

Шагайгаар хэдэн ч хүн тоглож болох бөгөөд монголчуудын түүхэн уламжлалт тоглоом юм. Тиймээс шагай тоголох нь маш олон давуу талтай байдаг. Гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө тоголоход нэн тохиромжтой билээ.

1.Морь уралдуулах

Олон тооны шагайг морь болгон цувуулан өрнө. Ямар ч хэлбэрээр өр болно. Дараа нь ээлжлэн дөрвөн шагайгаа орхиж буусан морины тоогоор өөрийнхөө морийг гараанаас гарган урагшлуулна. Морь буулгаж чадахгүй бол дараагийн хүн шагайг орхино. Ингэж ээлжлэн орхиж уралдсаар морь нь түрүүлж барианы газар хүрсэн нь хожиж, хоцорсон нь баян ходоод болж шийтгэл хүлээнэ. 

2.Шагай шүүрэх

Маш нарийн төмрөөр хэлхэж хийсэн гархийг энэ тоглоомд хэрэглэнэ. Үүнийг тоглохдоо дэвсгэр дээр олон шагайг өрөөд тоглогч хүн гинжин гархийг дээш шидээд эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас тодорхой хэсгийг шүүрч аваад дээрээс бууж буй гархийг барьж авна. Ингэхдээ гарт атгасан шагайнаасаа унагах, гархиа барьж авч чадахгүй бол тооцдоггүй. Хэрэв алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч дахин тоглоно. Алдвал дараагийн хүн тоглон газарт байсан шагайг хүмүүс шүүрч дууссан үед бүгд авсан шагайгаа тоолж, хэн олон шагай цуглуулсан хүн хожно. 
Шагай шүүрэх Гарын хөдөлгөөнийг чангаруулах, нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдрын дасгал болно.

3.Шагай таалцах

Хүн бүр ижил тоотой шагай хувааж авна. Өөрсдийн шагайнаас тодорхой хэсгийг нууцаар атгаж, тоглож байгаа хүмүүсийн атгаж байгаа шагайтай нийлүүлэн хэдэн шагай байгааг зөв таавал тэр шагайнуудыг авна. Шагайгүй болсон нь хасагдана. Хамгийн сүүлд бүх шагайг цуглуулсан нь хожно. 
Хэн эхэлж асуулт тавихаа хуруудаж шийдэж болно.
Тоглоом эхлүүлэх хүн “Бид 2-ын шагай нийлээд хэд байна вэ?” гэж асууна.

4.Дөрвөн бэрх буулгах

Зөв эрчтэй дөрвөн (морь тал нь) шагай сонгож авна. Шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ. Тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно.
4 морь – 100 оноо 
4 тэмээ -95 оноо 
Дөрвөн бэрх – 80 оноо 
Гурван морь, нэг хонь – 75 оноо 
Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо 
Нэг морь, гурван хонь – 25 оноо 
Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо 
Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол – 2 оноо авна. 
Авсан оноог нэмэхэд нийт 100 болж байвал хожно.

5.Шагай няслах

Байгаа шагайгаараа тоголсон ч болно эсвэл хэсэг шагайгаар тоголно. Шагайг няслахдаа ижил ижилээр нь няслан онсон бол нэг шагайгаа авах ба онж чадаж л байвал үргэлжлүүлэн няслах маягаар тоголно. Хамгийн их шагай цуглуулж чадсан нь хожно. Нэмэлтээр хатуу дүрмүүд тогтоож болох ба
1.Нясалсан гараар авахгүй байх,
2.Шагай хөндөхгүй байх,
3.Юм ярьхгүй байх,
4.Хязгаарласан хэсгээс гарахгүй зэрэг дүрэм өөрсдийн хүслээр нэмж тоголж болно.

6.Алаг мэлхий өрөх

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүнийг үдэхдээ гэр бүлээрээ шагайгаар “Алаг мэлхий” өрж нааддаг сайхан уламжлалтай билээ.  Алаг мэлхийг шагайгаар өрж дүрслээд тоглогчид ээлжээр шоо орхино.
Жишээ нь нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, дөрвөн нүх буувал шилбэ, таван нүх буувал сарвуу эсвэл мод гэсэн шагайг гэх мэтчилэн тус тус авч тоглодог. Шооны нүхэнд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний их бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл: нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд,чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, зургаа буувал хүзүү эсвэл зургаагаар өрсөн нуруунаас нэг эгнээг тус тус авна. Энэ мэтээр тоглосоор байгаад хамгийн олон шагай авсан хүн нь хождог. Гэхдээ зарим нутагт шооны нүх аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой тэнцэх шагайг буцааж өрдөг дүрмээр тоглодог байна.
Алаг мэлхий өрөхөд доорх янзаар өрнө.
Давсаг 1ш
Зүрх 1ш
Нүд 2ш
Чих 4ш
Бөөр 2ш
Сүүл 3ш
Шилбэ 4 х 4ш
Сарвуу 5 х 4ш
Нуруу 6 х 6 ш
Хүзүү 6ш
Хошуу 3ш
-Огторгуй 1ш
-Шороо 1ш
-Гал 1ш
-Уул 1ш
-Мод 5ш
-Төмөр 3ш

Малын шагайг ийнхүү таван хошуу малаараа бэлгэдэн дээдэлдэг учир хогруу хаях, гэрийн буурин дээр орхихыг цээрлэдэг. Мөн шагай олбол орхиж байгаад заавал морь буулгаж авдаг.
Өв соёлоо хамгаалан хүүхэд болон дүү нартаа заавал зааж өгөөрэй.

Санал хүсэлтээ admin@bayanhuu.com хаягаар ирүүлж болно. баярлалаа

Article Tags:
·

Leave a Reply

Your email address will not be published.